БАРИЛГЫН ЧАНАРЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Та шинэ орон сууц худалдан авахаар хайж, судалсны эцэст сонголтоо хийлээ гэж бодъё. Байршил нь таалагдлаа. Төсөөллийн зургаас нь харахад сайхан л барилга харагдана. Брошурт бичсэн болон борлуулагчийн үгээр бол янзын сайн барилга босно гэнэ. Тэгсэн хэдий ч өөртөө 100% итгэлтэй байхын тулд илүү ихийг судалж мэдмээр байна уу? Юунаас эхлэх вэ?

НЭГ: ХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСӨЛ ВЭ?

Төслийн гүйцэтгэгч ба төслийг захиалагч гэж хоёр байгууллага бий. Төслийн гүйцэтгэгч нь барилга барих тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн боловсон хүчин, техник технологитой барилга угсралтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх учиртай. Барилга барина гэдэг хүн бүрийн хийж чаддаг ажил биш. Мэдээж, хэдийчинээ туршлагатай байна төдийчинээ сайн. Тиймээс, өмнө нь ямар барилга барьж байсныг нь асуугаарай. Харин захиалагч нь заавал барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байх албагүй. Тэд үл хөдлөх хөрөнгийн төсөл хөгжүүлэгч буюу төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгааг хийж, хүнийн нөөц, материал, техникийн баазыг бүрдүүлж, барилгын ажлыг тасралтгүй явуулах нөхцөл бололцоог бий болгож, борлуулалт, маркетингийг хариуцан ажиллах үүрэгтэй хүмүүс юм. Дээр нь нэмээд, төслийн захиалагч санхүүгийн чадавхитай, бизнес эрхэлсэн туршлагатай байх тусмаа төслийн чанарт эерэг нөлөөтэй.

ХОЁР: БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ

Сайн зохиол сайн кино болдог шиг эхлээд сайн зураг зурагдаж байж сайн барилга баригдана. Наанадаж, ямар өнгө, үзэмж, дизайн, хэлбэртэй барилга босохыг барилгын болон экстерьер, интерьерийн зурагнаас урьдчилан харж болно. Мөн гаднаасаа үл харагдах сантехникийн хоолой, цахилгааны шугамны монтаж, арматур гэх мэт хүнтэй зүйрлэвэл барилгын араг яс, эд эрхтэн, судас шөрмөсний тухай мэдээллийг зурагнаас харж болно. Зураг төслийг мэргэжлийн байгууллага хийдэг. Таны сонирхож буй барилгын зургийг ямар компани хийснийг асууж, нэрээр нь Гүүглдэхэд буруудах бас илүүдэх зүйл үгүй. Хүсвэл, барилгын чиглэлийн хүнээс сураг тавьж, зөвлөгөө авч эсвэл зураг ойлгодог мэргэжлийн найз нөхөд, танил талаа дагуулж очоод шаардлагатай мэдээллийг аваарай.  

ГУРАВ: ГҮЙЦЭТГЭГЧ НЬ ХЭН БЭ?

Барилгын гүйцэтгэгч яагаад чухал гэхээр барилгын зураг төслийн дагуу газар шорооны ажлаас авхуулаад суурь цутгах, арматур зангидах, цутгалт хийх, цонх, хаалга, дээвэр, шал, сантехникийн болон цахилгааны шугам сүлжээг технологийн дагуу угсарч, суурилуулж барилгыг нэг бүхэл, цогц зүйл болгон барьж, бүтээдэг учраас тэр. Тиймээс гүйцэтгэгч компанийн нэрийг асууж, Гүүглдээд үз. Вэбсайттай бол түүн рүү орж, хэзээ байгууллагдсан, барилга угсралтын хэдэн ажил хийж, гүйцэтгэсэн зэргийг нь сонирхоорой. Вэбсайтгүй байсан ч Гүүглээр ямар мэдээлэл гарч ирэхийг анзаараарай. Нэмээд хэлэхэд, захиалагч барилгын явцтай хүссэн үедээ танилцах боломжтой. Харин аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг нь сайтар мөрдөөрэй.

ДӨРӨВ: ҮНДСЭН ХИЙЦ

Барилгыг төмөр бетон караказ цутган босгож, тоосгоор эсвэл блокоор дүүргэж, бас бүрэн цутгаж барьдаг. Барилгын өндөр, дизайн зэргээс шалтгаалаад хийцлэл нь янз бүр байна. Гэхдээ ямар ч барилгын хувьд, арматур болон цементийн чанар онц чухал нөлөөтэй. Цемент буюу зуурмагны чанарыг зуурмаг ирэх болгонд дээж аван лабораторид шинжлүүлж чанарыг баталгаажуулсан гэрчилгээ авах учиртай. Арматур ч мөн адил ямар барилгад ашиглахаас шалтгаалаад чанар нь харилцан адилгүй бөгөөд чанарыг нь мөн адил лабораторид шалгадаг. Тиймээс, сонирхсон эсвэл захиалсан байрныхаа арматур ба бетон зуурмагны чанарын шинжилгээний гэрчилгээтэй нь танилцаарай.

Бас нэг сонирхох учиртай зүйл бол цутгалт хийхдээ хэв хашмал ба тулаас ашигладаг эсэхийг асуугаарай. Цутгалтыг чанартай хийж, барилгын ажлыг хургадсгахад мөн байгаль орчинг сүйтгэдэгггүй зэрэг олон сайн тал тулаас, хэв хашмалд бий. Цутгалт хийх явцад бетоныг чичиргээнд оруулж, нягтаршуулдаг бөгөөд энэ үед хэв хашмал задрахгүй бат бөх байж, гажилтгүй байх учиртай.  

ТАВ: БАРИЛГЫН МАТЕРИАЛ

Барилгын чанар материалын чанараас гэдэг маргаангүй үнэн. Жишээ нь энгийн стандарт барилгын хувьд голдуу 250 маркын бетон, 400 маркын арматур ашигладаг. Гэтэл өндөр зэрэглэлийн орон сууцны бетоны марк нь өндөрсөж, усны хамгаалттай болдог жишээ бий. Үүний үр дүнд, үндсэн хийцийн шинж чанар бат бөх болно. Дагаад бусад материалын чанар ч сайжирдаг. Нөгөөтэйгүүр, барилгын зураг төсөлд тусгасан бараа материалын чанарыг өртөг бууруулах үүднээс бараа материалын сонголт хийх үед бууруулах тохиолдол байдаг. Тиймээс зурган дээр зааж өгсөн материалын чанарыг бодит материалын чанартай харьцуулж хараарай. Мөн барилгад ашиглагдсан материалуудын мэдээллийг нийлүүлэгч байгууллагуудаас нь авсан ч болно.

ЗУРГАА: ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТ

Захиалсан байран дээрээ өдөр бүр ирээд хүмүүс хэрхэн ажиллаж байгааг хянаад байж чадахгүй. Тиймээс, барилгын ажлын захилагчийн хяналтын тайлантай танилцаарай. Бас хяналт хийж буй ажилтантай нь уулзсан ч болно. Хянагч захиалагчийн өмнөөс барилгын талбайгаар явж, ажлууд зохих норм стандарт, дүрэм журмын дагуу явж буй эсэхийг хянаж, алдаа дутагдлыг баримтжуулж, арилгахыг сануулж, тайлан бэлтгэж, захиалагчид илгээдэг.

ДОЛОО: ДЭД БҮТЭЦ, ОРЧИН, ҮНЭ ЦЭНЭ

Зөвхөн барилга нь чанартай байх хангалтгүй. Хэрэв тийм биш байсан бол хүмүүс хаана ч хамаагийн чанартай байшин бариад амьдрах байсан биз. Халуун, хүйтэн ус, дулаан бохирын дэд бүтэц, зам харилцаа гээд санаа зовох зүйлгүй, амар тайван амьдрах бүхэн бүрэлдсэн байх учиртай. Тиймээс, энэ талаар сонирхож, судлаарай. Дээр нь ямар орчин бүрдэхийг заавал асуугаарай. Ногоон байгууламж, хиймэл нуур, алхаж, зугаалах талбай, сууж амрах сандал, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, хашаа хороо, харуул хамгаалалт гээд оршин суугчийг ая тухтай байлгах ямар орчин бүрдэхийг, зурган дээрх бүгд бодитоор хэрэгжих эсэхийг асуугаарай. Энэ бүхэн таны амьдралын чанарт чухал нөлөөтэй.  

Leave a Reply

Your email address will not be published.